Манай улсад генетикийн судалгааны сектор байгуулагдаад 50 жил болж байна

Дэлхийн шинжлэх ухааны салбарт генийн шинжлэх ухааны нээлт, генетик нөөцийн судалгаа эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед манай улсад генетикийн шинжлэх ухааны судалгааны сектор байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Генетикийн шинжлэх ухааны давуу талыг ашиглан генийн эмчилгээ, төрөл бүрийн өвчин эмгэгээс хамгаалах сэргийлэх, ашигт амьтан ургамал гарган авах боломжтой. Манай улсад генетикийн шинжлэх ухааныг бүрэн утгаар хөгжүүлж биологийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд генетик нөөц болон түүнийг дагалдах хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага байгааг судлаач эрдэмтэд онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, анагаах боломжгүй өвчин эмгэгүүд, хүн амын насжилттай холбоотой олон асуудал хүн төрөлхтний өмнө тулгамдаж байна. Эдгээр сорилт бэрхшээлийг генетикийн шинжлэх ухааны давуу тал, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан шийдвэрлэж байна.

Тухайлбал генийн шинжлэх ухааны тусламжтайгаар ген шилжүүлэн суулгах, үүдэл эсийн технологийн ололт амжилт болон тархины эсийн судалгаа нь хүн төрөлхтөнд тулгамдаж байгаа сорилтуудыг шийдвэрлэх боломжтойг батлан харуулсаар байна. Гэвч манай улсын тухайд хууль эрхзүйн орчин сул байгаагаас бид асар их генетик нөөцөө алдаж байгаа эрдэмтэн судлаачид сануулж байна.

Манай улсад генийн шинжлэх ухааны судалгааны сектор байгуулагдсан цагаас Монгол таван хошуу малын генийн судалгаа, ховордож устаж үгүй болж байгаа амьтдын генийн судалгаа, хүн амд зонхилон тохиолдох өвчлөл зэргийг генийн түвшинд судалж тогтоосон.

Цаашид генийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд хүний нөөц хангалттай байгаа ч хууль эрхзүйн орчин, лабораторийн хүчин чадал хангалтгүй байна. Одоогийн байдлаар манай улс малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Цаашид генетик нөөцийн тухай ерөнхий хууль зайлшгүй шаардлагатай байгаа юм.