Сурах бичиггүй хичээлийн нэг улирал дуусаж сургалтын чанар алдагдаж байна

ЕБС-ийн сурагчид сурах бичгээр бүрэн хангагдахгүй байсаар нэгдүгээр улирлын хичээл дуусаж байна. Сурах бичгийн хомсдол сүүлийн хэдэн жил үргэлжилсэн учраас энэ жил сурах бичгийг түрээсийн хэлбэрээр сурагчдад олгож бүх сурагчийг бүрэн сурах бичгээр хангахаар болсон юм.

-Ерөнхий боловсролын бага ангийн бүх сурагч, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувьд төрөөс үнэ төлбөргүй сурах бичгийг олгодог.

-Харин дунд болон ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсныг энэ жилээс түрээсийн журмаар олгох болсон.

- Сурагчид дунд ангид 35 нэрийн сурах бичиг, ахлах ангид 34 сурах бичиг ашиглаж байгаа юм.

-Тэгвэл сурах бичгийн багцаас шалтгаалж жилийн 14-21 мянган төгрөгийн ашиглалтын зардлыг төлж сурах бичгээр бүрэн хангагдах боломжтой юм байна.

Гэвч өнөөдрийг хүртэл түрээсийн сурах бичиг сурагчдын гарт бүрэн очоогүй байна. Энэ хичээлийн жил түрээсийн 2.6 сая сурах бичгийг Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэвлэхээр болсон.Гэвч ерөнхий боловсролын сургуулиуд дээр түрээсийн сурах бичгийн хангамж 10-40 хувьтай сурагчид сурах бичиггүй нэгдүгээр улирлын хичээлээ үдэж байна.

Уг нь боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд энэ сарын нэгэн гэхэд дунд болон ахлах ангийн  түрээсийн сурах бичих бүрэн хэвлэгдэж сурагчдын гарт очно гэсэн боловч өнөөдрийн байдлаар сурах бичиг сурагчдад очоогүй байна.

Сурах бичиггүй байгаагаас сурагчид сурах бичигтэй нэгнийхээ гэрт очиж даалгавраа хийж байгааг ярилаа. Мөн цахим сурах бичгийг ашиглаж байгааг тайлбарласан юм. Гэвч гэр хорооллын сурагчид интернэт хязгаарлагдмал учраас цахим сурах бичгийг ашиглаж чадахгүй байгаа ярьж байна. Харин боловсролын яамнаас хоёрдугаар улирлын хичээл эхлэхээс өмнө сурах бичгийг бүрэн хангана гэх мэдээллийг өгч байгаа юм. Олон жил дамнасан сурах бичгийн асуудлыг энэ жил бүрмөсөн шийдвэрлэлээ гэх боловч зохион байгуулалт муу байгаагаас сурах бичиггүй хичээлийн нэг улирал дуусаж  сургалтын чанар алдагдахад хүрч байна.