Калифорни үслэг эдлэл худалдаалахыг хориглосон АНУ-ын анхны мужаар тодорлоо

Дэлхий даяар амьтдын эрхийн асуудал хурцаар хөндөгдөх болсон энэ цаг үед АНУ-ын Калифорни муж амьтны үслэг эдлэл зарж борлуулах, үйлдвэрлэхийг хориглосон анхны мужаар тодорсон байна. Ингэснээр тус мужийн оршин суугчид  2023 оны 1-р сараас эхлэн амьтны үсэн хувцас, цүнх зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалах болоод үйлдвэрлэх боломжгүй болж байгаа юм.

Ану-ын Калифорни мужийн удирдлагууд амьтны үслэг эдлэлийг худалдаалах, хандивлах, үйлдвэрлэхийг хориглох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

Ингэснээр тус мужийн тухайд АНУ-д  анхдагч болж, энэ төрлийн амьтдын эрхийг хамгаалах хууль батлахыг олон жилийн туршид шаардсан амьтдын эрхийн байгууллагуудаас талархал хүлээсэн байна. 

Өнөөдрөөс  4 жилийн дараа буюу 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх энэхүү хуулийн дагуу Калифорни мужийн оршин суугчид амьтны үсэн цүнх, хувцас, гутал зэргийг үйлдвэрлэх болоод худалдаалах хориотой болж байгаа юм.

Түүнчлэн албаныхны зүгээс энэхүү хуулийг зөрчсөн хүмүүст 500 америк доллар, давтан зөрчил гаргасан тохиолдолд 1000 америк долларын торгууль ногдуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Humane society international байгууллагын мэдээлснээр дэлхий даяар жил бүр 100 сая гаруй амьтан үслэг эдлэлийн золиос болдог бөгөөд АНУ-д л гэхэд үслэг эдлэлийн зах зээл нь 2014 оны байдлаар 1.5 тэрбум америк доллараар хэмжигдэж байсан юм.

Калифорни мужид батлагдсан энэхүү хуулиас санаа авч бусад мужууд цаашлаад бусад улс орнууд амьтдын эрхийг хамгаалсан энэ төрлийн хуулийг хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа олон улсын байгууллагууд мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд хувцас загварын алдартай брэндүүд мөн бүтээгдэхүүндээ амьтны арьс, үс ашиглахаа зогсоох шийдвэр гаргаад байгаа юм. Тухайлбал өнгөрөгч 5-р сард Италийн загварын компани болох "Прада"  бүтээгдэхүүнүүддээ амьтны үс хэрэглэхээ болино гэдгээ мэдэгдсэн нь 2020 оны хавар-зуны коллециос нь эхлэн хэрэгжиж эхлэх хувиартай байна.