Нийслэлийн 133 дугаар сургуулийн сурагчид  4 ээлжээр хичээллэж байна

Нийслэлд төлөвлөлтгүй орон сууцны хорооллууд баригдсанаас үүдэж зарим дүүргийн хороодод сургууль цэцэрлэгийн хомсдол үүсээд байна. Тэдний нэг жишээ болох  133 дугаар сургууль нь Баянзүрх дүүргийн 26 дугаар  хороонд байрлах "Монгол тэмүүлэл лаборатори" сургуулийн байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль нь 4 ээлжээр хичээллэж,  нэг болон гуравдугаар ангийн нэг өдрийн хичээл нэг цаг гучин минут, нэг цаг 45 минут үргэлжилж байгаад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. 133 дугаар  сургуулийн 1800 гаруй сурагчид  "Монгол тэмүүлэл" сургуулийн 200 гаруй хүүхэд хамт суралцдагаас болж үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, хэт ачааллын улмаас багш, сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг эсэргүүцэн  сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд өчигдөр дахин жагсаал зохион байгууллаа

Одоогийн байдлаар  нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд цэцэрлэгийн насны 2899 гаруй хүүхэд, сургуулийн насны 5650 хүүхэд байгаа ч төрийн өмчийн цэцэрлэггүй, төрийн өмчийн ганц 133-р сургууль байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа юм. Ийнхүү сурагчдын эцэг, эхийн төлөөлөл төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд, Нийслэлийн засаг дарга нарт хандан үүсээд байгаа асуудлыг шийдэж өгөх шаардлага хүргүүлж байна.