Улаанбаатар хотод гэр хорооллын өрхүүдийн дунд орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ их байгаа ч эдийн засгийн чадамжаас хамаарч зах зээл дээр байгаа үнэтэй орон сууцны худалдан авалт тааруу байгаа юм. Тиймээс орон сууцжуулах ажлын хүрээнд иргэдийн эрэлтэд нийцсэн орон сууцыг орлогод нийцсэн байдлаар нийлүүлэх нь чухал болохыг Нийслэлийн удирдлагууд онцолж байгаа юм.
-Нийслэлд нийт 386 мянга гаруй өрх бүртгэлтэй байгаагаас 28 хувь нь буюу 110 мянга гаруй нь гэр хорооллын байшинд
-27 хувь нь буюу 102 мянга нь монгол гэрт амьдардаг байна.
-Тэгвэл Нийслэлд орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээтэй 290 мянган өрх байгаагаас
-15 хувь нь буюу 42 мянга гаруй өрх худалдан авах чадвартай гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс ойрын хугацаанд орон сууц худалдан авах чадвартай дээрх өрхүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн орон сууцыг нийлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нийт өрхийн цөөн хувь нь бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах чадамжтай байгаа юм. Тодруулбал орон сууц худалдан авах чадвартай өрхийн 17 хувь нь буюу 7000 мянга гаруй өрх бэлэн мөнгөөр болон зээлд хамрагдахгүйгээр графикийн дагуу төлбөрийг төлж худалдан авах хүсэлтэй байна. Харин 83 хувь нь буюу 35 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдаж орон сууцтай болох хүсэлтэй байгаа юм. Тиймээс орлогод нийцсэн орон сууцыг түрээслээд өмчлөх байдлаар олгох хэлбэр иргэдийн эрэлтэд нийцэж байгаа юм.
Нийслэл 2021 он хүртэл нийт 31230 айлын орон сууцны 201 төсөл хэрэгжүүлэх юм байна. Мөн гэр хорооллыг хөгжүүлэх шинэ дэд төвийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.
Газраа чөлөөлөн орон сууцаар солих хэрэгцээтэй 18 мянга гаруй өрх байгааг орон сууцны эрэлт нийлүүлэлтийн 2019 оны судалгаагаар тогтоожээ. Тиймээс цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ загварыг нэвтрүүлэх, инженерийн дэд бүтэцгүй суурьшлын бүсэд орон сууц бүтээн байгуулалтын шинэ бодлого нэвтрүүлэх, орлогод нийцсэн орон сууц, ногоон орон сууц, түрээсийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг нийслэлийн удирдлагууд онцолж байна.