МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмч сурталчлах нь ёс зүйд нийцэхгүй

Олон нийтийн цахим сүлжээнд шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй ам дамжсан яриагаар эмчилгээ, эм, эмийн бүтээгдэхүүнийг бусдад сурталчлах, санал болгох тохиолдол байдаг. Мөн бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүргэх замаар аливаа нэг эм, эмийн бүтээгдэхүүнийг сурталчлах тохиолдол байгаа юм. Тэгвэл энэ нь эргээд эмийн зохисгүй хэрэглээг бий болгох, өвчнийг оношилж тогтоолгүйгээр эм эмийн бүтээгдэхүүнийг замбараагүй хэрэглэх зэрэг сөрөх үр дагаварт хүргэж байна.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгөх замаар эмийн бүтээгдэхүүнийг сурталчлах тохиолдол гарсаар байгаа. Энэ нь эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд нийцэх үү гэдэг асуудал гарч ирж байна.

Тэгвэл энэ оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар шинэчлэгдэн батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд  эм эмийн бүтээгдэхүүний сурталчилгаа нь ёс зүйд хэр нийцэх талаар тодорхой тусгаж өгчээ.

Өөрөөр хэлбэл эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд зааснаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжих сурталчлах зарж борлуулах нь эмчийн ёс зүйн алдаанд тооцогдох юм байна. Тиймээс эмийг зохистой хэрэглэж зөв мэдээлэл мэдлэгтэй байхыг эмч зөвлөж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 1300 эмийн сан байгаа нь нэг хүнд ногдох эмийн сангийн тоогоор дэлхийн улс орнуудаас дээгүүрт орж байна. Ийнхүү олон эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа эмийн зохисгүй хэрэглээ, эмийн гаж нөлөө үүсэх эрсдэл дагуулж байна. Мөн үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл эм, эмийн бүтээгдэхүүний сурталчилгаа юм. Тиймээс иргэдийг эмийг зохистойгоор нарийн мэргэжлийн эмчийн дагуу хэрэглэж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эмч зөвлөж байна.