Япон улсад

Орчуулагч Б.Амарзаяа

Япон улсын төвийн болоод зүүн хэсгийн нутгуудаар сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас амь үрэгдсэн хохирогчдын тоо мягмар гарагийн байдлаар 58 болж нэмэгдсэн тухай японы Эн-Эйч-Кэй агентлаг мэдээллээ.

Түүнчлэн хар салхины улмаас 211 хүн гэмтэж бэртсэний дээр сураггүй болсон 15 хүнийг аврах эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.Филиппиний "Тагалог" хэлээр "Хурд" гэсэн утгатай "Хагибис" хар салхины нөлөөгөөр Японы 47 мужийн 36 нь үерийн гамшигт өртөж, хөрсний гулгалт нүүрлээд байгаа юм.

Өчигдөр оройны байдлаар 76 мянган айл өрх тог цахилгаангүй болж, 135 мянган айл ундны усгүй болсны дээр 3 сая хүн гэр орноо орхин аюулгүй газарт нүүгээд байна. Улс эх оронд нь нүүрлэсэн байгалийн гамшигтай холбогдуулаад Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо шуурхай хуралдаан зарлаж, гамшгийн хор хохирлыг бууруулах ажиллагаагаа эрчимжүүлэн сураггүй болсон хүмүүсийг аврах ажиллагааг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Одоогийн байдлаар тус улсад цэрэг армийн 31 мянган алба хаагч тэргүүтэй нийт 110 мянга орчим хүн аврах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна. Хэдийгээр хар салхинаас үүдэлтэй аадар бороо өнөөдрөөс эхлэн татрах төлөвтэй байгаа ч агаарын температур огцом буурах хандлага ажиглагдаж байгааг Эн-Эйч-Кэй агентлаг сэрэмжлүүлээд байгаа юм.