Монгол улс саарал жагсаалтад орох эсэх нь энэ баасан гарагт тодорхой болно

Франц улсад болж байгаа мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу Фатф-ын ээлжит хуралдаанаар өчигдрөөс эхлэн манай улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудлаар хэлэлцэж эхэллээ. Тус хуралдааны эцсийн шийд энэ баасан гарагт гарах юм байна. Манай улс өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орсон ч маш богино хугацааны дараа гарч байсан.

Тэгвэл энэ удаа тус жагсаалтад орохгүй байх магадлал бий гэдгийг зарим УИХ-ын гишүүд болон эдийн засагчид хэлж байна. Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын техникийн үзүүлэлтийн хуралдаан өнгөрсөн наймдугаар сард болсон. Нийт 40 үзүүлэлтээс 20 үзүүлэлт дутагдалтай гэж тус хуралдаанаас анхааруулга авсан бол манай улс одоо 16 үзүүлэлтийг хангалттай ахиулж чаджээ.

Харин тус байгууллагын есдүгээр сард Тайланд улсын Бангкок хотод  болсон хуралдаанаар манай улс дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг ямар байгааг 11 үзүүлэлтээр тогтоосон байна. Эдгээрээс долоон үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн үнэлгээ авсан юм байна. Тухайлбал, терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэн баталснаас гадна, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлж байна. 


Мөн тус жагсаалтад орох нэг эрсдэл нь арилжааны банкнууд  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр тодорхойгүй буюу ил тод байдлын тухай хуулиас шалтгаалж тодорхойгүй байгаа зэрэг хүчин зүйл голлон нөлөөлжээ. Гэхдээ манай улсын хувьд мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын зөвлөмжүүдийг сайн биелүүлсэн тул тус жагсаалтад орохгүй байх боломжтой гэсэн тайлбарыг ч зарим эдийн засагчид өгч байна. Хэрэв саарал жагсаалтад орвол манай улсын гадаад валютын данс хаагдах хөрөнгө оруулалтууд багасах зэрэг олон эрсдэл тулгарах юм.