Фэйсбүүк компани

Фэйсбүүк компани Либра нэртэй шинэхэн криптовалютыг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрөгч 6-р сард зарласан. Улмаар тус компанийн зүгээс mastercard, paypal, spotify зэрэг нийт 28 компанитай хамтарч ажиллахаар болсноо мэдэгдсэн ч тус төсөл дээр 7 байгууллагаас цаашид хамтарч ажиллах боломжгүй болсноо мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулаад криптовалют нэвтрүүлэх Фэйсбүүк компанийн төлөвлөгөөнд хүндхэн нөхцөл байдал үүсээд байсан ч үлдсэн 21 хамтрагч байгууллагынх нь зүгээс Либра төслийг ёс журмаар нь хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж, даваа гарагт Женев хотноо анхны уулзалтаа хийсэн байна.

Фэйсбүүк компанийн тухайд өөрсдийн гэсэн криптовалютыг нэвтрүүлэх нь платформыг нь ашигладаг 2 тэрбум гаруй хүмүүст хоорондоо ямар нэг саад бэрхшээлгүйгээр төлбөр төлөх, мөнгө шилжүүлэх боломжийг олгоно хэмээн тайлбарлаж байсан юм. Хэдийгээр тус компани криптовалют нэвтрүүлэх эрхээ авч чадвал ирэх жил гэхэд Либра төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн ч их долоогийн орнуудаас хүчтэй шүүмжлэлд өртөж, дэлхий дахины санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулах эрсдэлтэй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлээд байна. Үүнтэй холбогдуулаад Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг энэ сарын 23-ны өдөр конгресст Либра төслийнхөө талаар тайлбар хийхээр товлоод байгаа юм.