АНУ Хонконгийн ардчиллын төлөөх жагсагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийн төслөө танилцууллаа

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгт олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал газар аваад байгаа энэ цаг үед АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийн төсөл боловсруулснаа мягмар гарагт мэдэгджээ.

Хонконг дахь хүний эрх, ардчиллын тогтоол хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү хуулийн төслийн хүрээнд АНУ төрийн департаментаараа дамжуулан Хонконг дахь хүний эрхийн асуудалд жил бүр үнэлэлт өгөх бөгөөд хэрвээ үүнийг Хонконгийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал худалдааны тусгай статусыг нь цуцлахаа анхааруулсан байна.

Үүний хариуд БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, хэрэв дээрх хуулийн төсөл эцэслэн батлагдвал эх газрын Хятад болоод АНУ-ын харилцаанд сэв суулгах эрсдэлтэй хэмээн анхааруулсны дээр улс эх орных нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ.

Энэхүү үйл явдалтай зэрэгцээд Хонконгийн захирагч Кэрри Лам жил бүр хийдэг илтгэлээ парламентын гишүүдийн өмнө танилцуулах төлөвлөгөөтэй байсан ч зарим гишүүдийн зүгээс ирсэн дайралтын улмаас хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Хэдийгээр өнгөрөгч сард Хонконгийн удирдлагууд үймээн самуун гарах эхлэлийг тавьсан хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг буцаан татах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн ч жагсагчдын зүгээс бүх шаардлагуудыг биелүүлэхийг шаардсаар байгаа юм.