Япон улсад техник технологийн

Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Сeatec"  технологийн үзэсгэлэн яармаг энэ жил 20 дахь жилдээ үүд хаалгаа нээж, дэлхийн өнцөг булан бүрээс техник технологийн хорхойтнууд цуглаад байна.

Энэ жилийн үзэсгэлэнд "их хотын өнгө төрх 2030 онд" нэртэй тусгай үзүүлэнгийн хэсэг нээлтээ хийсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг багагүй татаж, энэ хэсэгт танилцуулагдсан технологиудыг 2030 он гэхэд хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болно гэдэгт найдаж байгаагаа зохион бүтээгчид нь мэдээлсэн юм.

Үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан онцлох бүтээлүүдийн дотор алсын зайнаас удирдах боломжтой мэдрэгч гар бүхий робот, Тайко электроникс компанийн "R wing" нэртэй нисдэг төхөөрөмж зэрэг багтаж байна.

Тайко электроникс компанийн танилцуулсан энэхүү технологи нь 100 кг хүртэлх ачаа тээвэрлэн цагт 250 км зам туулах хүчин чадалтай бөгөөд ирээдүйд гамшгийн хор хөнөөл бууруулах ажиллагааны үеэр шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх боломжтой гэж зохион бүтээгчид нь мэдээлсэн байна.