Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодийн хүчирхийллийн хүрээнд ойлгож болохгүй

Манай улс 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж 2017 оноос  өнөөг хүртэл дагаж мөрдөж байна. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш  гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг хуулийн байгууллагуудаас мэдээлж байна. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангахын тулд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зодож танхайрах зэрэг явцуу хүрээнд ойлгож болохгүй юм. Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийг бие мах бодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэж дөрөв ангилан үздэг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл дээрх дөрвөн төрлийн гэр бүлийн хүчирхийлэлд хэн ч өртөж болох юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгааныг авч үзвэл орон байрандаа архидан согтуурснаар бие мах бодийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлж байгааг мэргэжилтэн онцолж байна. Мөн өрхийн амьжиргааны түвшнээс хамаарч бие мах бодийн хүчирхийлэл үйлдэгдэх байдал орон сууц гэр хороололд ялгаатай байна. Мөн хүчирхийллийн аль нэг хэлбэр удаан хугацаанд үргэлжлэх нь хүчирхийллийн хэлбэр хүндрэх шалтгааныг бүрдүүлдэг байна.

Манай улсад 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан байдаг. Гэвч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсаар ирсэн. Харин шинэчлэгдэн батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлснээс хойш хаалттай хаалганы цаана байгаа нуугдмал гэмт хэргүүд илэрч иргэдийн дундах хэвшмэл ойлголт үгүй болж гэрч, хохирогчид хуулийн байгууллагад хандах нь ихэссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.