Канад улсад өнөөдөр парламентын сонгууль зохион байгуулагдана

Канад улсад өнөөдөр явагдах парламентын сонгуулиар ерөнхий сайд Жастин Трудигийн либераль нам парламентад дахин олонхийн суудал авч чадах эсэх нь олон улсын анхаарлын төвд байна.

Өнгөрөгч сонгуулиар түүхэн ялалт байгуулсан, өдгөө 47 настай ерөнхий сайд Жастин Трудигийн хувьд марихуаны хэрэглээг зөвшөөрөх, бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр кампанит ажлынхаа хэд хэдэн гол амлалтуудыг биелүүлсэн ч өнгөрөгч сард түүний нүүрээ хараар будаж, хар арьстны дүрийг бүтээсэн хуучны гэрэл зургууд нь ил болсноор иргэдийн дундах нэр хүнд нь огцом унасан юм.


Хэдийгээр тэрбээр тухайн үйлдэлдээ албан ёсоор уучлалт гуйсан ч  либерал намын гол өрсөлдөгч консерватив намынханд давуу тал болж магадгүй талаар ажиглагчид мэдээлжээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн зүгээс энэ удаагийн сонгуулиар Жастин Трудигийн гол өрсөлдөгчөөр консерватив намын дарга өдгөө 40 настай Эндрью Шиерийг онцолж байгаа ч урьдчилсан санал хураалтын дүнгээр дээрх хоёр улс төрчийн аль нь ч парламентад олонхийн санал авч, засгийн газраа байгуулж чадахааргүй үр дүн үзүүлснийг мэдээлсэн байна.

Сонгуулийн урьдчилсан шатны дүн өнөөдөр орон нутгийн цагаар оройны 8 цагийн үед зарлагдах бөгөөд намууд парламентад олонхийн суудал авахын тулд дор хаяж 70 суудал авах шаардлагатайг албаныхан мэдээлжээ.