Их Британийн Ерөнхий сайд Брекситийг хойшлуулах асуудлаар Европын холбоонд хүсэлт тавьжээ

Их британи умард Ирландын нэгдсэн хаант улс энэ сарын 31-ний өдөр гэхэд европын холбооны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарах хувиартай байгаа юм. Үүнтэй холбогдуулаад тус улсын парламентад Брекситийн гэрээг эцэслэн батлах ердөө 10 хоногийн хугацаа үлдээд байна.

Өнгөрөгч долоо хоногт их британийн ерөнхий сайд Борис Жонсон Брекситийн гэрээний төслийг европын холбоотой эцэслэн байгуулж, зөвшилцөлд хүрч чадсан ч парламентынхаа дэмжлэгийг хүлээх  гэсэн томоохон шалгуурын өмнө ирээд байгаа юм.

Хэдийгээр Их Британийн парламент өнгөрөгч бямба гарагийн хуралдаанаар Брекситийн гэрээг батлах асуудлаар санал хуралт явуулах ёстой байсан ч оронд нь Европын холбооноос гаргах үйл явцыг хойшлуулах тухай асуудлаар европын холбоонд хүсэлт тавих шийдвэр гаргасан тухай албаныхан мэдээлжээ.

Хэдийгээр ерөнхий сайд Борис Жонсон Брекситийн гэрээг энэ мягмар гараг гэхэд эцэслэн баталж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн ч парламентын ихэнх гишүүдийн зүгээс гэрээг батлах хугацаа хэтэрхий хожимдсон тул энэ сарын 31-ны өдөр гэхэд европын холбооноос гарч амжихгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд Лондон хотод Брекситийг эсэргүүцсэн хэдэн  мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Европын холбооноос гарах эсэх асуудлаар хоёр дахь удаагаа бүх нийтийн санал хураалт зохион байгуулахыг уриалжээ.