Ундны усаа гүний худгаас татаж хэрэглэдэг байсан "Sunshine village"  хотхоны оршин суугчид гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгийн бохирдолтой уснаас өвчилж өнөөг хүртэл халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.  Энэ сарын 14-өөс "Sunshine village"  хотхоны оршин суугчид халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж эхэлсэн ч тус хотхон усны асуудлаа шийдэж чадалгүй зөөврийн ус хэрэглэж байна. 

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах "Sunshine village"  хотхонд 340 айлын 1000 гаруй иргэн оршин суудаг. Эдгээрээс 370 орчим хүн гэдэсний халдвараар халдварлаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 40 орчим иргэн халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь хүүхдүүд байна.

Өнгөрсөн долоо хоног "Sunshine village" хотхоны гүний худаг, усан бассейнаас гэдэсний бүлгийн савханцар илэрснийг лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Улмаар гүний худгийн үйл ажиллагааг зогсоож төвийн шугамд холбогдсон талаар мэргэжлийн байгууллага болоод "Sunshine village"  хотхоны орон сууц ашиглалтын албанаас мэдээлж байсан ч гэдэсний халдвар авсан хүмүүс эмнэлэгт хандсаар өнөөдрийг хүрчээ.

"Sunshine village"  хотхон халдвар дэгдсэнээс хойш ойр хавийн орон сууцны хотхонуудын цэвэр усны шугамаас түр холболт хийлгэж хэрэглээний усаа авчээ. Улмаар түр холболт хийлгэсэн учраас бусад хорооллуудад ачаалал үүсэж шөнийн цагаар ус нөөцлөх саванд усаа нөөцөлж хэрэглэгчдэдээ түгээсэн байна. Харин ус нөөцлөх сав нь халдвартай гүний худгийн усаар бохирлогдсон байсан учраас халдвар тархсан байж болзошгүй байна. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд мэргэжлийн байгууллагын хамтарсан баг тус хотхоны усны нөөцийн сав болон шугам хоолойг ариутган шинжилгээ хийлгэжээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.