Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж эхэллээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 15-аас эхлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд газар өмчлөлийн ажлыг идэвхжүүлж байгаагаа мэдээллээ. Тухайлбал 2008 онд Монгол улсын газрын тухай  хуулиар иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Гэтэл иргэд энэ хуулийг мэдэхгүй, газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас газар өмчлөлийн хуулийг сурталчлахаар газрын албаны мэргэжилтнүүд нийслэлийн 95 хороонд ажиллаж эхэлжээ

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхлэн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн  байдаг. Энэхүү хуульд 2008 онд  нэмэлт өөрчлөлт орж монгол улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх  болсон бөгөөд 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авдаг байсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж, бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой болсон байна.

 Уг эрхийн дагуу газар эзэмшигчид эзэмшиж  буй газраа өмчилж авснаар  зохих журмын дагуу Монгол улсын иргэнд  худалдах, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах  эрхийг эдлэх боломжтой болох юм.

Ийнхүү  2019 оны 10 дугаар сарын байдлаар нийслэлийн  хэмжээнд 199 мянга 196 иргэнд газар өмчлүүлээд байна. Харин 25 мянга 771 иргэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хамтран өмчлөгчөө хасуулж 74 мянга 624 иргэнд шинээр газар өмчлөх эрхийг нээж өгсөн байна.

Нийслэлд харьяалалтай иргэн нийслэл хотод болон аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй юм. Тэгвэл газар өмчлөлтэй холбоотой мэдээллийг та харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан авах боломжтой юм байна.