Монголбанкны зүгээс саарал жагсаалтаас 2020 онд багтаж гарах боломжтой гэлээ

Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага буюу ФАТФ-ын хуралдаанаар манай улсыг саарал жагсаалтад оруулсан эсэх асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхааралд хурцаар тавигдлаа. Манай улс анх тус жагсаалтад 2012 онд орж байсан ч маш богино хугацааны дараа хэвийн байдалдаа орж байсан юм.

Тэгвэл өнгөрөгч баасан гарагт мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын хуралдаанаар манай улсын сүүлийн хоёр жилд хийсэн ажилтай танилцсны эцэст  тус байгууллагын өгсөн 40 зөвлөмж болон 11 шалгуур үзүүлэлтээс тодорхой хэмжээнд ахиулсан гэж үзсэн ч  манай улсыг хяналтын шатанд буюу бидний нэрлэснээр саарал жагсаалтад оруулжээ. Ингэснээр манай улсын хувьд макро эдийн засгийн түвшинд эрсдэл бий болж магадгүй ч валютын ханшид нөлөөлөх, хөрөнгө оруулалтыг багасгах зэрэг шууд эрсдэл байхгүй гэдгийг судлаачид хэлж байна.

Тус байгууллагаас нийт дөрвөн зөвлөмжийг манай улсад өгсөн байна. Тухайлбал бичил санхүүгийн хяналт шалгалтыг сайжруулах, мөнгө угаах зүйл ангиар гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд оногдуулах ял шийтгэл хангалтгүй байгааг бодитой болгох, хилээр үнэт эдлэл хяналтгүй гарч байгаа тул хяналт шалгалтыг сайжруулах зэрэг үүргүүд өгсөн байна. Эдгээр үүргийн биелэлтийг гурван сарын хугацаанд дүгнэж тайлан гаргах учиртай.

Харин Монголбанкны хувьд өөрийн зүгээс шаардагдах үүргийг 2020 онд багтаж гүйцэтгэх буюу тус жагсаалтаас энэ хугацаанд гарах боломжтой гэлээ. Гэвч үүний хажуугаар өнгөрөгч  баасан гарагаас эхлэн валютын ханш улс төрийн зарим хүчний хийсэн хариуцлагагүй мэдэгдлээс шалтгаалан 30 төгрөгөөр өссөн байна.

Хэсэг хугацаанд саарал жагсаалттай холбоотойгоор улс төрийн хүчний тоглолтын дүнд валютын ханш өссөн гэж үзэж байна. Уг нь Монголбанкны хувьд валютын нөөц хангалттай буюу 3,8 тэрбум доллар нөөцөлсөн гэдгийг хэлсэн.