Хонконгийн үймээн самуун барууны орнуудад нөлөөлж эхэлснийг Хятадын тал мэдэгдлээ

Сүүлийн үед барууны улс орнуудад газар аваад байгаа засгийн газрын эсрэг бослого хөдөлгөөнүүд нь Хонконгт сүүлийн 5 сарын турш үргэлжилж буй ардчиллын төлөөх хөдөлгөөнтэй олон талаараа ижил төстэй байгааг Хятадын төрийн мэдээллийн агентлагууд онцолсон байна.

Тухайлбал Испани болоод Өмнөд Америкийн Чили зэрэг орнуудад засгийн газрын эсрэг тэмцэгчид Хонконгчуудын арга техникийг шууд байдлаар хуулбарлаж, онгоцны буудал хүрэх замуудыг хаах, дэлгүүр үйлчилгээний газруудыг тонон сүйтгэх, метроны буудлуудад халдлага үйлдэх зэргээр тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм.

Испаниас салан тусгаарлах байр суурь баримталдаг Каталончуудын хувьд л гэхэд Хонконгийн "Ус шиг бай" гэсэн тактикийг ашиглан хэв журам сахиулагчдаас зугтах оролдлого хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт Испанийн дээд шүүхээс Каталонийн 9 удирдагчийг 2017 онд болсон салан тусгаарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг хууль бусаар явуулсан хэрэгт буруутган 9-13 жилийн хорих ял оноосон нь иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар үймээн самууны үеэр 200 гаруй цагдаа гэмтэж бэртсэний дээр хэдэн зуун  жагсагч баривчлагдан саатуулагдсаныг албаныхан мэдээлжээ.

Тэгвэл Өмнөд Америкийн Чили улсад нийгмийн тэгш бус байдал газар авсныг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо сүүлийн үеийн байдлаар гэхэд 11-д хүрээд байгаагийн зэрэгцээ албаныхны зүгээс зарим томоохон хотуудаар онц байдал зарлах шийдвэр гаргаад байгаа юм.

Барууны улс орнуудад үүсээд байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулаад БНХАУ-ын тал мэдэгдэл хийж, Хонконгт гарсан тэмцэл хөдөлгөөнийг барууны улс орнууд дэмжиж улам өөхшүүлснээрээ түүнээс гарсан үр нөлөөг нь өөрсдийн биеэр хүртэж байна хэмээн мэдэгдсэн байна