Канад улсын Ерөнхий сайдаар Жастин Трудо улиран сонгогдох магадлал өндөр байна

Өчигдөр Канад улсад парламентын доод танхим болох нийтийн танхимд аль нам олонхийн суудал эзэлж, цаашлаад ерөнхий сайдын албан тушаалд хэн томилогдохыг шийдэх 43 дахь удаагийн парламентын сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөлөө. Санал хураалт орон нутгийн цагаар  8 цаг 30  минутаас эхэлж,  оройн 19 цагийн үед өндөрлөсөн байна.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Жастин Трудогийн либерал нам олонхийн суудал авч, тэрбээр ерөнхий сайдын албан тушаалд улиран сонгогдох өндөр магадлалтай байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Нийтдээ 338 мандатын төлөө өрсөлдсөн энэ удаагийн сонгуульд эрүүл мэндийн үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны зардал зэрэг асуудлууд гол хэлэлцэгдсэн сэдвүүдийн тоонд багтаж байгааг албаныхан мэдээлсэн байна.

Өнгөрөгч сонгуулиар түүхэн ялалт байгуулсан, өдгөө 47 настай Ерөнхий сайд Жастин Трудогийн хувьд марихуаны хэрэглээг зөвшөөрөх, бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр кампанит ажлынхаа хэд хэдэн гол амлалтуудыг биелүүлсэн ч өнгөрөгч сард түүний нүүрээ хараар будаж, хар арьстны дүрийг бүтээсэн хуучны гэрэл зургууд нь ил болсноор иргэдийн дундах нэр хүнд нь огцом унасан юм.  Гэсэн ч түүнийг ажиглагчдын зүгээс энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдох магадлал хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр нэрлээд байна.