Угаарын хийн хордлогын улмаас найман хүн нас баржээ

Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газраас  шахмал түлштэй холбоотой асуудлаар мягмар гарагт мэдээлэл хийлээ. Гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа тохиолдлууд гарсаар байна.  Угаарын хийн хордлогоор нийт 538 иргэн эмнэлэгт хандаж найман иргэн амиа алдаж 226 бага насны хүүхэд эмнэлгийн тусламж авчээ.

Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшний шинжилгээний дүн, үйлдвэрээс авсан шинжилгээний дүн "Стандартын шаардлага хангасан" үзүүлэлттэй гарсан гэж нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.  Холбогдох газруудаас сайжруулсан түлшний утаа гадаад орчинд хүний биед аюулгүй харин дотоод орчинд иргэдийг угаартуулах тохиолдлууд гарсаар байгааг хэлж байна.  Учир нь  иргэд   яндан,  зуухны бүрэн бүтэн байдал,галлагааны   аюулгүй ажиллааг хангаагүйн улмаас  болж байгааг  онцоллоо. Тодруулбал   энгийн зууханд 150 хүн , төслийн зууханд 65  хүн угаартсан тохиолдол бүртгэгджээ. Тиймээс сайжруулсан шахмал түлшинд бус буруу галлагаанаас үүдэлтэй  учир иргэдийг зөв горимын дагуу галлахыг анхааруулж байна.