Нийслэлийн хэмжээнд 6000 орчим гэрэлтүүлэг суурилуулах ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, суурьшлын бүс нэмэгдэж,  хүн амын тоо 1.5 саяд хүрчээ. Энэ хэрээр айл өрх, гудамж зам талбай нэмэгдэж, гэрэлтүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд гудамж, зам талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2018 оны 12-р сарын байдлаар 61070 гэрэлтүүлэг тоологдсон. Үүнээс төвийн 6 дүүргийн хэмжээнд авто зам дагуу 21130, орон сууцны хороололд 5852, гэр хороололд 29049, нийт 56031 ширхэг гэрэлтүүлэг суурилуулагджээ. Эдгээр гэрлийн унтраах, асаах цагийг өвөл болон зуны цагийн хуваарьт шилжүүлснээр цагийн тохиргоотойгоор  гудамж, замын гэрэл асаж байна. Түүнчлэн гэрэлтүүлгийн системийг программын тусламжтайгаар хянаж, эвдрэл гарсан хэсгийг шуурхай илрүүлж, засварладаг байна.

Харамсалтай нь гэр хороолол тэлэхийн хэрээр төв гудамжнуудаас гадна өндөр уулан дээр шинэ гудамж бий болсноос үүдэж, түүнчлэн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг нь газар нутгийн хувьд том дүүрэг учраас гэр хорооллын зарим гудамжны гэрэлтүүлэг хангалттай хэмжээнд хүрч чадаагүй, харанхуй гудамжтай байсаар байгаа нь нууц биш. Эдгээр харанхуй гудамжнууд, зам, талбайг гэрэлтүүлэхэд 30 орчим мянган гэрэлтүүлэг шаардлагатай юм.. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  нийслэлийн хэмжээнд 6000 орчим гэрэлтүүлэг суурилуулахаар төлөвлөсөн Одоогоор ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Түүнчлэн Австрийн засгийн газрын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргүүдэд 8000 орчим гэрэлтүүлэг хийхээр гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан байна.