Японы эзэн хаан Нарухито сэнтийдээ заларсныг албан ёсоор тунхаглалаа

Япон улсын хаан ширээг сүүлийн 30 жилийн турш удирдсан эзэн хаан Акихито хаан ширээгээ хүлээлгэн өгснөөс 5 сарын дараа буюу энэ мягмар гарагт шинэ эзэн хаан Нарухитогийн хаан ширээнд заларсныг тунхаглах  хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Япон улсын 126 дахь эзэн хаанаар тодорсон өдгөө 59 настай Нарухитогийн тухайд эртний загвараар бүтээсэн 6.5 метр өндөр, 8 тонн жинтэй асарт заларч, ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ улс эх орон, ард түмнийхээ төлөө үндсэн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлэх амлалт өгсөн юм. Олон зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн энэхүү хүндтэй ёслолын үйл ажиллагаанд их британийн ханхүү Чарльз тэргүүтэй дэлхийн 200 орчим орны 2500 гаруй дээд хэмжээний төлөөлөгч оролцсон байна.

Өнгөрөгч 5-р сард япон улсын 125 дахь эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ хүлээлгэн өгснөөр 1817 оноос хойш буюу сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаагаа өөрийн хүсэлтээр хаан ширээгээ шилжүүлэн өгсөн япон улсын анхны эзэн хаанаар тодорсон юм.

Улмаар түүний энх амгалан цаг үеийг бэлгэдсэн "Хэсэй" эрин дуусгавар болж, 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ эзэн хаан Нарухитогийн "Рэйва" эрин албан ёсоор эхэлжээ.

Шинэ эзэн хааныг хаан сэнтийд заларсныг дэлхий дахинд зарлан тунхаглах зорилготой энэхүү баярт өдрийг тохиолдуулаад япон улсад мягмар гарагт цэргийн сүрт жагсаал зохион байгуулах хуваарьтай байсан боловч энэ сарын эхэнд япон улсыг дайран өнгөрсөн хагибис хар салхинд амь үрэгдсэн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс 11-р сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасныг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.