БНХАУ тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй гарааны бизнесийнхээ тоогоор дэлхийд тэргүүллээ

БНХАУ зах зээлд тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй гарааны бизнесийнхээ тоогоор АНУ-ыг ардаа орхиж дэлхийд тэргүүлж эхэлсэн тухай хятадад төвтэй “Hurun” судалгааны байгууллага мэдээлсэн байна. Бизнесийн орчинд 1 тэрбум ам доллараас илүү зах зээлийн үнэлгээтэй гарааны бизнесүүдийг "Unicorn" хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ болон БНХАУ-ын тухайд тэдгээр гарааны бизнесүүдийн 80 хувийг эзэмшиж байна.

Үүний дотроос зах зээлд үнэлгээгээрээ тэргүүлэгч гарааны бизнесүүдийн тоонд 2014 онд цахим төлбөрийн Aлипэй платформыг санаачилсан "Ant financial" компани, дэлхийд алдартай “Tiktok” видео үйлчилгээг нэвтрүүлэгч "Bytedance"  зэрэг хятадын томоохон компаниуд багтаж байгаа юм. Энэхүү тайлан нь АНУ болон БНХАУ-ын дунд худалдааны дайны асуудал ид хурцадмал байдалд шилжсэн цаг үед тохиож байгаа гэдгээрээ онцгой ач холбогдолтой болж байна.

Учир нь хоёр орны дунд жил дамжин үргэлжилж байгаа худалдааны дайн цар хүрээгээ улам тэлсээр технологийн салбарыг ч мөн хамрах болсон юм.Тухайлбал өнгөрөгч 5 дугаар сард АНУ-ын худалдааны яам нь улс эх орных нь үндэсний аюулгүй байдлын эрх ашигт харшилж байна гэсэн үндэслэлээр хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг хар жагсаалтанд оруулах шийдвэр гаргасан юм.

Тухайн үед “Huawei”  компанийн зүгээс тагнаж чагнадаг гэх мэдээлэлд эрс няцаалт хийн  АНУ-ын шийдвэрийг технологийн салбар  дахь өрсөлдөөнд шударга бус үйлдэл гаргаж байна хэмээн шүүмжилж байжээ