Цахим тоглоомын газар насанд хүрээгүй хүнд 21:00 цагаас хойш үйлчлэх ёсгүй

Гэртээ интернэтгүй эсвэл орой үдшийн цагаар цагийг өнгөрүүлэх газаргүй гэх шалтгаанаар залуучуудын цугладаг газар цахим тоглоомын газар. Интернэт, цахим тоглоомын хэрэглээ дэлхий нийтийн жишгийг дагаад хүүхэд, залуучууд тэнд цуглах нь зүйн хэрэг ч нөгөө талаас хууль дүрэм зөрчин байж насанд хүрээгүй хүүхдүүдийг шөнийн цагаар тоглуулах, хонуулах явдал байсаар байна.

Уг нь журамдаа цахим тоглоомын газар нь 23:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэх бөгөөд 9-16 насны хүүхдэд зуны улиралд /4-р сарын 1-нээс 10-р сарын 10-ны хооронд/ 20:00 цаг хүртэл, өвлийн улиралд /10-р сарын 1-нээс 4-р сарын 1-ний хооронд/ 18:00 цаг хүртэл, 1 удаад 2 цагаас хэтрэхгүйгээр интернэт, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлнэ гэж заасан. Гэтэл биднийг сурвалжлах үеэр буюу шөнийн 01:00 цагийн үед цахим тоглоомын газар ажиллуулж байсан нь зөрчлөөс гадна тамхины өрөө гэх нэрийдлээр агааржуулагчгүй, цонхгүй битүү өрөөнд нэг өрөө гаргасан нь иргэдийн эрүүл аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байсан юм.

Цагдаагийн байгууллагатай хамтарсан үйл ажиллагааны дараа буюу 02:00 цагаас хойш хүүхэд, залуучууд тухайн цахим тоглоомыг төвийг зорин ирж байсан нь шөнийн цагаар хонуулан үйл ажиллагаа явуулдаг, тухайн газрын үйл ажиллагаа даамжирсан гэдгийг харуулж байгаа юм.

Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа журмаар интернэт, цахим тоглоомын газар нь орон сууцны 1 дүгээр давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулах, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, садар самуун, хүчирхийлэл сурталчилсан тоглоом тоглуулах, 9 насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, бичиг баримт, эд зүйлс барьцаалан иргэдэд үйлчлэх, согтуурсан мансуурсан иргэнд үйлчлэхийг журмаар хориглосон байдаг юм байна.