Гадаад, дотоод  хүчин зүйлсээс шалтгаалж мөнгөний бодлого, төсвийн бодлогыг уялдуулах хэрэгтэй

Өчигдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл төсөвтэй уралдан хэлэлцэгдэж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Өнгөрсөн долоо хоногт 2020 оны төсвийг хэлэлцэхийг дэмжсэн ч энэ долоо хоногт ирц хүрээгүйн улмаас нэг ч удаа хэлэлцээгүй юм. Харин мөнгөний бодлогын хувьд энэ онд сонгуулийн жилтэй холбоотойгоор улсын төсөв хөөс ихтэй болсныг гишүүд шүүмжиллээ. Мөн хэрэглээний зээл нэмэгдсэнтэй холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалт багасаж байгаагийн эсрэг  арга хэмжээ авах нь илүү чухал гэдгийг илэрхийлж байсан юм.

2020 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ багтсан. Ингэснээр иргэдийн өрхийн орлого нэмэгдэн хэрэглээний зээлийн хэмжээ буурах учиртай юм байна. Мөн төв банкнаас макро эдийн засгийг зохистой түвшинд байлгах үүднээс  чанаргүй зээлийг бууруулах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан байна. Мөн байнгын хорооны хуралдааны үеэр саарал жагсаалтад орсон шалтгаан болон цаашид ямар арга хэмжээ авах талаар асуулт хариулт явагдлаа. 2014 онд манай улс саарал жагсаалтаас гарсны дараа “Фатф”-аас манай улсад үнэлгээ хийсэн юм. Энэ үнэлгээний дүн 2017 онд гарч манай улс хар жагсаалтад орох нөхцөл бүрдсэн байна. Харин хоёр жилийн турш шаардлагатай арга хэмжээг авсны эцэст үнэлгээг сайжруулсан гэж Монгол банкны зүгээс тайлбарласан ч гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан юм. Ингээд УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлогын чиглэл батлах тухай тогтоолын төслийн 1-р хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.