Умард Солонгосын удирдагч жуулчлалын бүс дэх Өмнөд Солонгосын байгууламжийг нураах шийдвэр гаргажээ

Умард солонгосын удирдагч Ким Жон Ун аялал жуулчлалын бүс Кымганд олон жилийн өмнө өмнөд солонгосын талаас байгуулж өгсөн амралтын газрыг нурааж, оронд нь цоо шинэ дэлхийн жишигт нийцсэн цогцолбор газар байгуулахыг үүрэг болгожээ. Энэ нь өнгөрөгч оноос хойш нааштайгаар эргээд байсан хоёр орны харилцаанд эргэн таагүй нөхцөл байдал үүссэний илрэл болж байна хэмээн ажиглагчид дүгнэж байна. Солонгосын хойгийн байгалийн үзэсгэлэнт газруудын тоонд ордог Кымган уул нь Кэсон бүтээн байгуулалтын бүсээс гадна хоёр солонгосын хамтарсан цөөн хэдэн төслүүдийнх нь нэгт тооцогддог юм.

Гэвч удирдагч Ким Жон Уны зүгээс газар нутагт нь харьяалагддаг энэхүү жуулчлалын бүс нь өмнөд солонгосын хяналтад байдгийг огт зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд, тус улсын байгуулсан үзэмж муутай барилгуудыг татан буулгаж, оронд нь орчин үеийн шинэ барилгуудаар сэргээн босголтын ажил хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Үүний хариуд Өмнөд Солонгосын нэгдлийн яам мэдэгдэл хийж, энэ асуудлаар Умард Солонгосын талтай холбоо барьж, тодруулга авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.  Өмнөд солонгосчуудын тухайд 1998 оноос эхлэн Кымган ууланд аялах эрхтэй болж, жил бүр хэдэн сая ам.доллароор хэмжигдэх аялал жуулчлалын бүсийг бий болгосон юм. Гэвч 2008 онд Умардын цэргийн бүс рүү нэвтэрсэн Өмнөд Солонгосын жуулчныг Умард Солонгосын цэрэг буудаж амийг нь хөнөөснөөр тус бүс нутагт жуулчдаа илгээхийг өмнөд Солонгосын засгийн газар хоригложээ.