БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгт сүүлийн таван сарын турш тасралтгүй үргэлжилж байгаа ардчиллын төлөөх тэмцэл хөдөлгөөнтэй холбогдуулаад эх газрын Хятадын эрх баригчид Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцруулах тухай асуудлаар хэлэлцэж эхэлснийг албаны эх сурвалжууд мэдээлжээ.1997 онд Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд шилжсэн Хонконгт өнгөрөгч 5-р сард хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэх зорилготой эхэлсэн тайван жагсаалууд өдгөө эрх чөлөө, ардчиллын төлөөх олныг хамарсан тэмцэл хөдөлгөөн болтлоо өргөжин тэлж, Хятадын засгийн газрын толгойны өвчин болж хувираад байгаа юм.

Улмаар үүсээд буй эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс Хонконгийн эрх баригчид маргааны гол сэдэв байсаар ирсэн хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг буцаан татах шийдвэр гаргасан ч жагсагчдын зүгээс захирагч Кэрри Ламыг урвагч хэмээн огцрохыг шаардан, тэмцэл хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.Үүнтэй холбогдуулаад захирагч Кэрри Ламын  Бээжингийн ирэх баригчдаас дарамт шахалттай тулгарч байгаагаа ярьсан нууц аудио бичлэг өнгөрөгч сард олон нийтэд ил болсноор багагүй шуугиан дэгдээгээд амжсан юм. Тус аудио бичлэгт тэрээр Хонконгт үүсээд буй үймээн самууныг өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн мэдэгдээд хэрвээ сонголт байсан бол ард түмнээсээ уучлалт гуйж, огцроход бэлэн байгаагаа дурдсан байна. Хэдийгээр захирагч Кэрри Ламын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах хуваарьтай байгаа ч БНХАУ-ын дарга Си Зиньпин түүнийг огцруулах асуудлыг эцэслэн баталбал түүнийг орлох дараачийн хүний нэр ирэх гуравдугаар сар гэхэд тодорхой болно гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.