Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал

2 тэрбум 400 сая хэрэглэгчтэй фэйсбүүк компани Либра нэртэй шинэхэн криптовалютийг гүйлгээнд гаргахаар төлөвлөж байгаагаа өнгөрөгч 6-р сард мэдэгдсэн юм. Тэгвэл энэхүү төсөл нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхлээд байгаатай холбогдуулаад фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг лхагва гарагт өөрийн биеэр конгрессын гишүүдийн өмнө тайлбар хийжээ.

Лхагва гарагт зохион байгуулагдсан АНУ-ын конгрессийн санхүүгийн зохицуулах хорооны сонсголд фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг оролцож, ирэх онд гүйлгээнд оруулахаар төлөвлөөд байгаа Либра хэмээх шинэхэн криптовалютын төслөө тайлбарласан байна.

Фэйсбүүк компанийн зүгээс энэхүү криптовалютыг улс дамнасан гүйлгээг улам хялбарчлах давуу талтай хэмээн  тайлбарлаж байгаа ч шүүмжлэгчдийн зүгээс үүнийг мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг улам өөхшүүлэх эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.

Хэдийгээр фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг АНУ-ын хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр криптовалютыг гүйлгээнд оруулахгүй гэдгийг мэдэгдсэн ч дижитал төлбөрийн системийн тал дээр БНХАУ АНУ-ыг өрсөх эрсдэлтэй байгааг анхааруулсан юм.

Фэйсбүүк компанийн тухайд анх Либра төсөл дээр 28 компанитай хамтарч ажиллахаар төлөвлөж байсан ч энэ сарын эхэнд мастеркарт, виза тэргүүтэй 7 хамтрагч байгууллага нь төслийг орхиж байгаагаа мэдэгдсэнээр одоо 21 байгууллага үлдээд байна.