СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ ХУУЛЬ, ШҮҮХ, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦООНООС ШАЛТГААЛСАН ГЭВ

Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага буюу ФАТФ-ын хуралдаанаар манай улсыг хяналтын буюу саарал жагсаалтад оруулсан тухай зарласан. Тэгвэл саарал жагсаалтад орсон нь юунаас шалтгаалсан болон  хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн юм

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд болон сангийн сайдын зүгээс саарал жагсаалтад орсон нь арилжааны банкны хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас буюу ил тодын хуультай холбоотой хэмээн тайлбар өгч байсан. Тэгвэл мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага манай улсыг саарал жагсаалтад оруулсан нь үүнтэй холбоогүй гэдгийг Монголбанкнаас мэдэгдээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл энэ нь бүхэл бүтэн тогтолцооноос шалтгаалсан асуудал болсон байна. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч болон санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн өнгөрөгч лхагва гарагт мэдэгдсэн. Тэгвэл Монголбанкны удирдлагын зүгээс үүргээ  биелүүлсэн гэдгээ мэдэгдээд хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа хэлжээ.

Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага манай улсад өгсөн үндсэн дөрвөн зөвлөмж өгсөн. Тухайлбал  санхүүгийн зохицуулах хороо болон сангийн яаманд банк санхүүгийн байгууллага бичил санхүүгийн байгууллагаас шалтгаалсан зөрчлийн хариуцлагыг чангаруулах,  хууль зүйн яам болон цагдаа шүүхийн байгууллагад мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж шийтгэл оногдуулах, мөн сангийн яам, гаалийн ерөнхий газарт мэдээлээгүй хуурамчаар мэдүүлсэн мөнгийг битүүмжлэх, гадаад харилцааны яам, тагнуулын ерөнхий газарт нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэхээс сэргийлэх үүрэг өгсөн. Гэвч УИХ-ын гишүүд болон сайд нарын хувьд энэ үйл явдал болоход анхнаасаа өөр өөр тайлбар хэлж байсан юм. Өнөөдөр ч тэд хариуцлага хэнд хүлээлгэх, саарал жагсаалтад ороход юу нөлөөлсөн гэдэгт өөр өөр байр суурьтай байна.

Монголбанкы зүгээс 2020 онд багтаж саарал жагсаалтаас гарах боломжтой хэмээн үзсэн. Гэвч энэ хугацаанд мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын өгсөн үндсэн дөрвөн зөвлөмжийн хамгийн гол нь буюу мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэгт ногдуулах хариуцлагын асуудал анхаарал татаж байна.