АНУ Исламын улс бүлэглэлийн толгойлогчийг устгаснаа албан ёсоор зарлав

АНУ-аас Сирийн баруун хойд хэсэгт явуулсан тусгай ажиллагааны үр дүнд исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдади амь үрэгдсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

Ням гарагийн өглөө цагаан ордонд өгсөн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тэрээр дэлхийн хамгийн зартай террорист байгууллагын толгойлогч Аль-Багдади Сирийн Идлиб мужид явуулсан ажиллагааны үеэр АНУ-ын цэргүүдэд шахагдан, газар доогуурх хонгилоор гурван хүүхдийнхээ хамтаар зугтах үедээ биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж амь үрэгдсэн талаар мэдэгджээ.

Түүнчлэн тэрээр Аль Багдадиг хөнөөсөн нь 2011 онд Аль Кайда бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладеныг устгаснаас чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон тэмдэглэсэн байна. Энэ оны эхэнд АНУ-ын засгийн газар Абу Бакр Аль-Багдадиг дэлхийн хамгийн зартай террорист этгээдүүдийн тоонд оруулж, толгойг нь 25 сая америк доллараар үнэлээд байсан юм.

Исламын улс бүлэглэлийн тухайд одоогоос 5 жилийн өмнө буюу оргил үедээ Сирийн баруун хэсгээс Иракийн зүүн хэсэг хүртэл нийтдээ 88 мянган шоо дөрвөлжин километр газар нутгийг эрхшээлдээ оруулж, сэргэн мандалтынхаа үеэр нийтдээ 8 сая гаруй хүнийг дарангуйлалдаа оруулсан гэх тооцоо байдаг.

Хэдийгээр энэ оны 3-р сард Сирийн ардчилсан хүчний цэргийн эвсэл исламын улс бүлэглэлийн эсрэг ялалтаа тунхаглаж, Сирийн газар нутгаас хөөн зайлуулснаа албан ёсоор зарласан ч  тус бүлэглэлийн гишүүд дэлхий даяар тархаж, өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг эх сурвалжуудын зүгээс өгсөөр байгаа юм.