ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН УЛМААС АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

Ану-ын Калифорни мужид ой хээрийн түймэр газар аваад байгаатай холбогдуулаад албаныхны зүгээс гамшгийн онц байдал зарлаж, 200 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байна.

Одоогоор гал түймрийн улмаас Калифорни мужийн оршин суугчид түүхэн дэх хамгийн том цахилгаан эрчим хүчний сааталтайгаа нүүр тулж, ойролцоогоор 1 сая гаруй хүн тог цахилгаангүй болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн ой хээрийн түймрийг унтраах ажилд онцгой байдлын  бие бүрэлдэхүүн дайчлагдан, нисдэг тэрэг, тээвэрлэгч онгоцны тусламжтайгаар түймрийн голомтуудыг унтраахаар ажиллаж байгаа ч ням гарагийн байдлаар ердөө 10 хувийг нь унтраасан тухай албаныхан мэдээлсэн байна.

Одоогоор мэргэжилтнүүдийн зүгээс түймрийн шалтгааныг  калифорнийн хойд хэсэг дэх "Пи-Жи Энд И" компанийн  цахилгаан дамжуулах шугамд гарсан эвдрэлтэй холбон тайлбарлаж байгаа ч  тус компанийн зүгээс хараахан албан ёсны тайлбар өгөөгүй байгаа юм. Тус компанийн тухайд өнгөрөгч онд 85 хүний амь насыг авч одсон ой хээрийн түймэртэй холбоотой хэргээр мөн л шалгагдаж байгаа төдийгүй аль хэдийн дампуурах эрсдэлтэй нүүр тулаад байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Одоогоор ой хээрийн түймрийн улмаас хүний амь нас үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч цаашдаа түймрийн цар хүрээ улам газар авах төлөвтэй байгаа учраас  тог цахилгаангүй болсон хүмүүсийн тоо 2 сая болж нэмэгдэх төлөвтэй байна гэж албаныхан мэдээлсэн юм.