Энэ оны эхний 9 сарын байдлаар ипотекийн зээлд 4447 иргэн хамрагдаж 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ

Нийслэл хотын иргэдийн 45,3 хувь нь орон сууцанд амьдарч байгаа ч сүүлийн жилүүдэд ипотекийн зээлд хамрагдалт 2016-2018 оны эхэн хүртэл тогтмол өссөн үзүүлэлттэй байсан. Уг нь  Монголбанкны эх үүсвэрээс ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байгаа ч 2018 оны 9 сар болон 19 оны мөн үед  хамрагдалт харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл ирэх оноос эхлэн монгол банк ипотекийн зээлийн санхүүжилтийг засгийн газарт шилжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл ирэх оноос арилжааны банк, засгийн газрын эх үүсвэрээр 8 хувийн зээлийг олгож эхэлснээр санхүүжилт багасах магадлалтай байна.

Барилга хот байгуулалтын яамнаас хийсэн орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн 2018 оны судалгаагаар нийслэл хотын хэмжээнд ирэх таван жилийн хугацаанд 216 мянга гаруй өрхөд орон сууцны хэрэгцээ байгаагаас 30 мянга гаруй өрх урьдчилгаа 30 хувь төлөх чадвартай байна. Тэгвэл нийслэл хотод 59 мянга 426 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаагаас 22 мянга 489 нь ашиглалтад орсон үүнээс борлогдоогүй 5822 орон сууц байгаа юм. Харин ашиглалтад ороогүй 36.937 айлын орон сууцнаас 32 мянга 692 нь борлогдоогүй байна. 

Өнгөрсөн оны мөн үед ипотекийн зээлд зургаан мянган айл хамрагдсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн мянган өрх орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан буюу буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл төв банкны хууль болон ОУВС-ын өгсөн зөвлөмжийн дагуу ирэх онд Монголбанк зээлийн эрхээ засгийн газар, арилжааны банканд шилжүүлэхээр болсон.

Ирэх онд арилжааны банк өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс ипотекийн зээл олгож эхэлнэ. Ингэснээр банкууд эрсдэлээ бодон зээлийн шалгуурыг илүү өндөрсгөхөөс гадна ипотекийн зээлд их хэмжээний хөрөнгө гаргахгүй байх магадлалтай юм.

Одоогийн байдлаар нийт зээлдэгчдийн 78,5 хувь нь сард 600,000 төгрөгөөс доош төлбөр төлдөг зээлдэгч нар байна.

Ирэх гурван жилийн байдлаар зах зээл дээр 38 мянга гаруй орон сууц нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бол 33 мянга гаруй өрх орон сууц худалдан авах бодит эрэлттэй буюу худалдан авах чадамжтай байна. Орон сууцны бодит эрэлт байгаа хэдий ч ипотекийн зээлийн олголт жил бүр танагдаж байгаа нь орон сууцны борлуулалт буурах шалтгаан болж байна. Үүний зэрэгцээ ирэх оноос Монголбанк эх үүсвэрээсээ ипотекийн санхүүжилтийг зогсоож цаашид банкууд засгийн газрын эх үүсвэрээс ипотекийн санхүүжилтийг олгох юм. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилт буурах төлөвтэй байна.