Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 345 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2017 онд шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан. Батлагдсан цагаасаа хойш төрийн өндөр албан тушаалтнуудад ял завших бололцоог нээсэн гэх шүүмжлэл дагуулж байсан юм. Тэгвэл өнгөрсөн оны 12-р сарын 22-ноос энэ сарын 22 хүртэлх хугацаанд гурван шатны шүүхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 345 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик мэдээллээр 2019 оны эхний 3-р улирлын байдлаар анхан шатны шүүхээр 10098 хэргийг шийдвэрлэсэн байна. Үүний 221 хэрэг нь буюу 290 хүнд хамаарах эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Харин давж заалдах шатны шүүхээр нийт 1735 хэрэг шийдвэрлэгдсэн. Үүний 86 хүнд холбогдох 64 эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас хэрэгсэхгүй болсон. Харин дээд шүүхээр 67 хүнд холбогдох 60 хэрэг  энэ оны эхний 3-р улирлын байдлаар хэрэгсэхгүй болсон байна.

Түүнчлэн манай улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн шийдвэрлэлтийг судалсан байна. Энэ оны эхний 3 улирлын байдлаар мөнгө угаах гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй. Харин  өнгөрсөн онд 20 хүнд холбогдох 5 хэргийг шийдвэрлэж байжээ.   2018 оны байдлаар мөнгө угаахтай холбоотой 5 хэрэг эцэслэн шийдэгдээд байгаа юм байна.