Төрийн нууцад хамааруулсан зарим эрүүгийн хэргийн материалыг ил болгох хүсэлт гаргалаа

"Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэг"-ээр яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр  тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнийг сэжиглэж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Улмаар өнгөрөгч 8-р сард төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Тодруулбал ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг холбогдуулан шүүж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан гэх хэрэг болон гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн с.зоригийн амийг хөнөөсөн хэргийн материал нь төрийн нууцад хамааруулж "маш нууц" зэрэглэлтэй байгаа. Гэвч хэргийн материалыг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төрийн нууцаас гаргах, шүүх хурлыг нээлттэй болгох шаардлагатай гэж  өмгөөлөгч нарын зүгээс мэдэгдлээ.

Өмгөөлөгч нар төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргаж, нууц хамгаалах ажилтны хяналтан дор хэргийн материалтай танилцан, үйлдсэн тэмдэглэлээ шүүхэд хадгалуулж, зөвхөн шүүх хуралдааны үеэр л ашигладаг. Гэтэл энэ нь үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хүндрэл учруулж байна гэдгийг мэдэгдсэн юм.