Европын холбооноос Брекситийн хугацааг дахин гурван сараар хойшлууллаа

Энэ сарын 31-ний өдөр Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах хувиартай байсан их британи умард Ирландын нэгдсэн хаант улс Брекситийн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүйн улмаас Брекситийн үйл явцыг хэрэгжүүлэх хугацаа дахин гурван сараар хойшлогдлоо.

Энэ сарын эхэнд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооны удирдлагуудтай Брекситийн хэлэлцээрийн төслийг шинэчлэн байгуулсан ч парламентынхаа дэмжлэгийг хүлээж чадаагүйн улмаас ийнхүү 2020 оны 1-р сарын 31-ний өдөр хүртэл хойшлогдоход хүрчээ.

Хэдийгээр Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах тухай асуудлыг Их Британийн засгийн газар одоогоос 3 жилийн өмнө бүх нийтийн санал асуулга явуулан 51.9 хувийн дэмжлэгтэйгээр аль хэдийн шийдсэн боловч хэрхэн яаж гарах вэ гэдэг асуудал дээр өнөөг хүртэл шийдэлд хүрч чадалгүй санал зөрөлдсөөр байгаа юм.

Тэгвэл Брекситийг тойрсон энэхүү тодорхойгүй байдлын улмаас ерөнхий сайд Борис Жонсон ирэх 12-р сард парламентын ээлжит бус сонгууль явуулах санал дэвшүүлсэн ч даваа гарагт болсон парламентын санал хураалтаар мөн л татгалзсан хариулт сонсжээ.

Үүнтэй холбогдуулаад тэрбээр одоогийн парламентыг Брекситийн үйл явцыг хэрэгжүүлж чадах шинэхэн парламентаар солих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдээд, ээлжит бус парламентын сонгууль явуулах арга замыг дахин эрэлхийлж ердийн олонхийн саналаар батлах боломжтой хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдсэн байна.