Аргентин улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний удирдагч ялалт байгууллаа

Өмнөд Америкийн Аргентин улсад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчний удирдагч Альберто Фернандез ялалт байгуулсан байна. Нийт саналын хуудасны 95 хувийг тоолж дууссаны дараах байдлаар  зүүний төвч үзэлт Альберто Фернандез 48 хувийн саналаар тэргүүлсэн бол одоогийн ерөнхийлөгч Маурисио Макри 40 хувийн саналаар ялагдал хүлээжээ.

Энэ удаагийн сонгууль нь Аргентин улсад эдийн засгийн гүн хямрал нүүрлэж, ард иргэдийнх нь 30 хувь нь ядууралд нэрвэгдсэн үед болж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байна. Тэр ч үүднээсээ энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын гол амлалтуудад эдийн засгийн асуудлууд чухал байр суурь эзэлснийг ажиглагчид онцолж байгаа юм.

Нийтдээ 80 хувьтай оролцсон сонгуулийн санал хураалтын дүн зарлагдсаны дараагаар одоогийн ерөнхийлөгч Маурисио Макригийн зүгээс өрсөлдөгчдөө баяр хүргэж, аргентины ард иргэдэд сайн сайхан амьдралыг цогцлоох нь нэн тэргүүний зорилт гэдгийг мэдэгдсэн байна.

Үүний хариуд сөрөг хүчний удирдагч Альберто Фернандез өнгөрөгч онд олон улсын валютын сангаас 57 тэрбум америк долларын зээл авсан ерөнхийлөгч Маурисио Макригийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, цаашид эдийн засгаа хүнд нөхцөл байдлаас гаргах тал дээр хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ирэх 12-р сарын 10-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх хувиартай байгаа юм.