Саарал жагсаалтад орсон асуудалд ХЗДХЯ, Сангийн яам хариуцлага хүлээх ёстой гэв

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга Занданшатар манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон асуудалд  Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ нь санхүү, эдийн засаг болон хууль шүүхийн тогтолцооны асуудал тул хариуцлагыг засгийн газар ч мөн хүлээх ёстой гэдгийг эдийн засагчид болон зарим улс төрийн хүчин үзэж байгаа юм

Дэлхийн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий байгууллага болох ФАТФ нь 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд манай улс тус байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар буюу ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг буюу АPG-ын гишүүнээр 2004 онд элсэн орсон. Тус байгууллагаас харилцаа үнэлгээний тайланг гаргадаг бөгөөд энэ тайлангаар манай  улс 2012 APG-ын хяналтын шатанд буюу саарал жагсаалтад орж байсан ч ердөө хоёр сарын дараа гарч байсан байна. Гэвч 2017 онд болон 2019 онд тус байгууллагын төлөөлөл манай улсад үнэлгээ хийсэн бөгөөд ази номхон далайн бүсийн хурлаар тус ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 7-г бүрэн хангасан, 28-ын дийлэнхийг нь хангасан, 5-нь зарим хэсэг нь хангагдсан буюу 40 зөвлөмжөөс 35-ыг хангасан хэмээх дүн гарсан. Энэхүү үнэлгээнээс үндэслэн  дараах 4 зөвлөмжийг өгчээ.

1. Банк санхүүгийн байгууллага , санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтыг сайжруулж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх

2. Мөнгө угаахтай холбоотой, хэрэг үйлдлүүдийг мөрдөн шалгаж, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл оногдуулах

3. Мэдүүлээгүй, хуурамчаар  мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх,

4. Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх.

Эдгээр зөвлөмжүүд нь СЗХ, Сангийн яам, ХЗДХЯ, ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕП, Шүүх, Гаалийн ерөнхий газар, ГХЯ, Тагнуулын ерөнхий газарт харьяалагдаж байгаа юм. Гэвч хариуцлага хүлээх асуудал зөвхөн Монголбанк, СЗХ-оор хязгаарлагдаж байгаад эдийн засагчид, улс төрчдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Мөн саарал жагсаалтад орох шалтгааныг анхнаасаа буруу мэдээллийг сангийн сайд нь өгч байсан. Уг нь саарал жагсаалтай холбогдох асуудлыг  хариуцах субъект байсан боловч хариуцлагагүй мэдээлэл удаа дараа гаргаж байсан нь ч шүүмжлэл дагуулж байна.

Энэ удаа хариуцлагагүй үйлдлийн томоохон жишээ нь  ази номхон далайн хурал болохоос нэгхэн долоо хоногийн өмнө мөнгө угаах терроризмтой тэмцэх хуулийн төслийг чуулганаар амжиж баталсан төдийгүй 17-ны өдөр УИХ-ын дарга МУ-дахь элчин сайдуудтай уулзаж, мөн ФАТФ-луу захидал бичиж байсан ч ийнхүү үр дүнд хүрсэнгүй.