Манай улсад хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь хүүхэд байна

Улаанбаатар хотод азийн 150 гаруй тэргүүлэх эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, бодлого тодорхойлогч болон хувийн хэвшлийнхэн чуулж, азид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр, сайн туршлагаас хуваалцан санал солилцлоо.  Азийн орнуудын засгийн газрууд агаарын бохирдолд өртөж байгаа иргэдээ богино хугацаанд хэрхэн хамгаалах вэ? гэсэн  чухал асуудалтай нүүр тулаад байна.  Гэвч агаарын бохирдлыг хүлээн зөвшөөрөхүйц  хэмжээнд хүртэл бууруулахад  урт хугацаа шаардагдана. Харин урт хугацааны шийдвэр  болон  үр дүнг хүлээж, цаг алдалгүйгээр  яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудын тэргүүн эгнээнд жирэмсэн эх болон бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах ажил багтаж байна.  Учир нь дэлхий дээр жил бүр 5 хүртэлх насны 920,000 хүүхэд нас бардаг бөгөөд үүний нэг гол шалтгаан нь агаарын бохирдлоос хамаарсан уушгины хатгалгаа байдаг байна. Эрдэмтэн судлаачид эх хүүхдийн ялангуяа жирэмсэн эхчүүд агаарын бохирдолд хэрхэн өртөж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн судалгаа, нотолгоог танилцууллаа. Жирэмсэн эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол шууд нөлөөлж байгааг судлаачид нотолж байна. Хэрвээ тархины хөгжилд асуудал үүсвэл хүүхдийн сурлагын чанарт нөлөөлж анхаарал төвлөрөх чадвар нь сулардаг. Мөн нас ахих тусам тархины хөгжил нь улам саармагждаг байна. Тэгэхээр агаарын бохирдлоос эх хүүхдийг хамгаалах нь санаа зовоосон нэн даруй шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг болоод байна.

Манай улсын хувьд 2018 онд PM2.5 ын тоосонцрын агууламж ДЭМБ -ын зөвлөмжөөс жилийн 336 өдөр нь их гарчээ. Мөн 2014-2018 оны судалгаагаар 0-5 хүртэлх насны 1000 хүүхэд тутмын 598 нь хатгалгаагаар өвчилсөн байна. Харин хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь хүүхэд байгаа бол  1000 амьд төрөлт тутамд 59 өсөлтгүй жирэмслэлт байна гэж гарчээ.  Харин НҮБ-аас манай улсад дараах 3 зөвлөмжийг өгч байна. Үүнд  нэгдүгээрт засгийн газар үргэлжлүүлэн урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад авч байгаа арга хэмжээгээ үргэлжлүүлэх. Хоёрдугаарт жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд хамгийн их байдаг газар бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэр орон нь байдаг. Тэгэхээр эдгээр орчинд дотоод агаарын сайжруулах шаардлагатай байна.

Харин гуравдугаарт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Мэдээж хүүхэд, жирэмсэн эхчүүд өвдөнө. Харин эмнэлэгт очиход зөв мэдээлэл өгч, зөв онош тавьж чанартай эмийн бүтээгдэхүүн өгөх нь чухал байгаа юм.

 

Хурлын төлөөлөгчид иргэдийн агаарын бохирдолд өртөлтийг бууруулах, тэр дундаа агаарын бохирдлоос үүдэлтэй жирэмсэн эх, бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд ямар арга хэмжээ, шийдлийг хэрэгжүүлж, хэрхэн үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байгааг онцоллоо.