ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүд хоёр жил хорих ял оноолоо

Нийгмийг соён гэгээрүүлэх, үлгэрлэх үүрэгтэй соёл урлагийн салбарын төлөөлөл сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис ашигласан  хэрэгт холбогдож, хар тамхи хэрэглэсэн гэх нэршлийг насан туршдаа зүүж, амьдралдаа хар тамга даруулж байгаа харамсалтай мэдээлэл гарсан.  Тодруулбал өчигдөр ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хуралдаан боллоо.

Эргэн сануулбал өнгөрөгч 9-р сарын 19-20-нд шилжих шөнө Б.Амархүүг өөрийн эзэмшлийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлсэн гэх мэдээлэл байдаг. Ингээд 30 хоногийн хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Улмаар нийслэлийн прокурорын газраас улсын яллагч Т.Мандахнаран дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Тэгвэл энэ сарын 18-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх өнөөдөр хянан хэлэлцээд шүүгдэгч  Б.Амархүүд  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан тохиолдолд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгтнийг 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил  хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна.