Хонконгийн эдийн засаг түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэйгээ нүүр тулах төлөвтэй байна

Хонконгт сүүлийн 5 сар орчмын хугацаанд үргэлжилж байгаа ардчиллын төлөөх тэмцэл хөдөлгөөний улмаас эдийн засгийн өсөлт нь энэ жил буурах эрсдэлтэй байгааг захирагч ­Кэрри Лам анхааруулсан байна. Үүнтэй холбогдуулаад Хонконгийн засгийн газраас эдийн засаг, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарыг дэмжих зорилгоор 20 тэрбум Хонконг доллар төсөвлөснөө мэдэгджээ. Олон улсын санхүүгийн төв бөгөөд дэлхийн худалдааны байгууллагын бие даасан, бүрэн эрхт гишүүн Хонконгт ардчиллын төлөөх тэмцэл хөдөлгөөний нөлөөгөөр эдийн засгийнх нь өсөлт энэ жил түүхэн дэх хамгийн муу үзүүлэлттэйгээ нүүр тулах хандлагатай байна гэж даваа гарагт захирагч Кэрри Лам мэдэгдлээ. Өнгөрөгч 6-р сараас хойш тасралтгүй үргэлжилж байгаа үймээн самууны улмаас хятадын эдийн засгийн гол хөшүүрэг хэмээн нэрлэгддэг Хонконгт бизнесүүдийн үйл ажиллагаа байнгын тасалдахад хүрч, аялал жуулчлал болоод жижиглэн худалдааны салбарууд ихээхэн хор хохирол амсаад байгаа юм.   Тухайлбал өнгөрөгч онд л гэхэд 30 сая жуулчин хүлээн авч, дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авсан хотуудын эгнээнд жагсаж байсан Хонконгийн тухайд энэ жил зорин ирэх жуулчдын тоо эхний 10 сарын байдлаар л гэхэд 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүсээд байгаа эмх замбараагүй байдлын улмаас бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж, үйлчилгээний газрууд хамгаалалтын хаалт хашлагуудаар аюулгүй байдлын арга хэмжээ авч, байгаагийн дээр зарим газрууд түр хугацаагаар үүд хаалгаа барихад хүрээд байгаа юм. Сүүлийн 25 жил дараалан "дэлхийн хамгийн чөлөөт эдийн засгаар нэрлэгдэж байгаа Хонконгт дотооддоо үүссэн хямралын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нь энэ жил 0-с 1 хувийн зорилтдоо хүрч чадахгүй болсон нь сүүлийн хэдэн жил Хонконгийн байр суурийг эзлэхээр ширүүн өрсөлдөж байгаа Сингапур улсад маш том боломж олгож байгааг шинжээчид онцолж байгаа юм.