Цахим гэмт хэргийг удирдсан гэх хятад, монголын хоёр иргэнийг саатуулжээ

Энэ  сарын 29-өөс 30-нд шилжих шөнө БНХАУ-ын иргэд цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Одоогоор оффис, зочид буудлаас бүрдсэн таван барилгад байрлаж байсан БНХАУ-ын 800 орчим иргэн, удирдсан гэх Хятад,  Монгол хоёр иргэнийг илрүүлж, саатуулаад байгаа юм байна.

10-р сарын 29-ний орой олон нийтийн сүлжээнд ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн алба болон тагнуулын ерөнхий газраас нэр бүхий оффис, зочид буудлын байранд БНХАУ-ын иргэд цахим гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлэл гарсан. Улмаар хятад иргэд 1000-аад компьютер, 10.000 орчим гар утасны сим ашиглаж байсан нь тогтоогдсон байна.

Тэгвэл БНХАУ-аас монгол улсад суугаа элчин сайдын яамнаас Фэйсбүүк дэх Embassy of the people's republic of china in mongolia хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд:

Монгол улсын цагдаагийн байгууллага 10 дугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд мэдээлснээр хятад иргэд байж болзошгүй хэсэг бүлэг хүмүүс цахим залилангийн үйл ажиллагаанд холбогдсон тул монгол улсын цагдаагийн байгууллага уг хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авч, одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байна гэсэн. Хятад, Монгол хоёр талын хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй явагдаж ирсээр байна. Одоогоор хоёр тал энэхүү хэрэг дээр нягт харилцаатай зохицон ажиллаж байна. Уг хэргийг хуулийн дагуу зөв зохистой шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна. БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам нь уг хэргийг анхааралдаа авч, монгол улсын холбогдох байгууллагатай нягт зохицон ажиллах болно гэсэн байна. Одоогоор цахимаар гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан гэх Хятад иргэдийг удирдсан 1 Хятад, 1 Монгол хүнийг саатуулаад байгаа юм байна. Харин үлдсэн Хятад иргэд буюу БЗД-т байрлах "Амар", БГД-т байрлах "Кентавр", оффисын зориулалттай "Юнион" барилга, "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан хятад иргэд одоог хүртэл тухайн зочид буудлууддаа байрлаж байгаа юм байна. Түүнчлэн байцаалтын явцад Хятад иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай байна.