МХЕГ Дорнод, Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зүүн аймгууд буюу Дорнод, Сүхбаатар аймагт байгаль орчин, геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 72 аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын мэдээг танилцууллаа. Шалгалтаар нийт 1682 зөрчлийг илрүүлж, 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Сүхбаатар аймагт нүүрс, жоншны үйлдвэрүүд харин Дорнод аймагт нүүрс, алтны уурхайн чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр уурхайнуудад МХЕГ-аас  нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхай гэсэн үндсэн 4 чигэлийн дагуу шалгалт хийж олон багц зөрчлүүдийг илрүүлжээ. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил хөдөлмөр гүйцэтгүүлдэг, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг,  ажилтнуудыг илүү цагаар ажиллуулдаг ч нэмэгдэл хөлс олгодоггүй, ил далд уурхайн аюулгүйн ажиллагааг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Харин Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг" компаниас хяналт шалгалтын томоохон зөрчлүүдийг илрүүлсэн байна. Мөн тус компани нь хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулж, санхүүгийн тайландаа ил тод байлгах ёстой байтал БНХАУ-ын "Bank of China"-аар гүйлгээ хийж байсан зэрэг томоохон зөрчил илэрсэн байна.

Нийт зөрчлүүдээс улсын орлогод нийт 452.2 сая төгрөг оруулж, 1.3 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээг авч эхэлсэн байна

Нөхөн төлбөрийн барагдуулалт одоогоор 50 хувьтай байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.