АНУ-ын Калифорни мужид гарсан ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрчээ

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт гарсан ой хээрийн түймрийн улмаас албаныхан Лос Анжелес, Сан Бернардино зэрэг газруудаар гамшгийн онц байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байна.

Калифорнийн хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн байшингууд байрладаг Лос Анжелес хотын ойролцоо гарсан Гетти хэмээх ой хээрийн түймрийн улмаас нийтдээ 10 мянга орчим барилга байгууламж галын аюулд өртөх өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаагийн дээр түймрийг унтраах ажилд нийтдээ 1100 гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Одоогоор салхины хурд улам ширүүсч байгаатай холбогдуулаад түймрийн цар хүрээ цааш улам тэлэх хандлагатай байгаа учраас олон мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсний дотор сагсан бөмбөгчин Леброн Жеймс, Калифорни мужийн амбан захирагч асан жүжигчин Арнольд Шварценеггер тэргүүтэй алдартнууд багтаж байна.

Түймрийг унтраах ажилд онцгой байдлын  бие бүрэлдэхүүн нисдэг тэрэг, тээвэрлэгч онгоцны тусламжтайгаар тэмцэж байгаа ч даваа гарагийн байдлаар ердөө 5 хувийг нь унтрааж дууссан гэсэн үзүүлэлттэй байгаа Лос Анжелес Таймс сонин мэдээлжээ.

Калифорни мужийн ой хээрийн гал түймрийн ид идэвхжилтийн цаг зунаас намрын улирлын эхэн үе хүртэл үргэлжилдэг ч сүүлийн жилүүдэд жилийн аль ч улиралд ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэйд тооцогддог болсныг мэргэжилтнүүдийн зүгээс онцолж байгаа юм.