БНХАУ АНУ-тай худалдааны гэрээ байгуулахад ойрхон байгаагаа мэдэгдлээ

 

АНУ болон БНХАУ-ын дунд жил дамжин үргэлжилж байгаа худалдааны дайны асуудлаарх яриа хэлэлцээ нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд тун ойрхон байгааг хятад улсын гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдсэн байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд ЛЮ ХЭ, АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй хоёр улсын төлөөлөгчид утсаар холбогдож, худалдааны тал дээрх гол асуудлуудаар санал бодлоо солилцсон юм.

10-р сарын 25-ны өдөр хоёр улсын худалдааны төлөөлөгчид утсаар холбогдож, худалдааны дайны асуудлаар өөрсдийн байр сууриа солилцсоны дээр үүнтэй зэрэгцээд ажлын түвшний хэлэлцээрүүд амжилттай явагдаж байгааг онцлох нь зүйтэй. Хятад улсын зүгээс худалдааны асуудлаарх яриа хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан ашигтай, тэнцвэртэй шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх 11-р сарын 17-нд Чили улсын нийслэл Сантьяго хотноо зохион байгуулагдах ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган буюу Апекийн чуулга уулзалтад оролцох хувиартай байгаа юм.

Хэрэв түүнээс өмнө хоёр орны төлөөлөгчид нэгдсэн гэрээ байгуулж чадвал Апекийн уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн нар тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах магадлалтай гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ сарын эхэнд БНХАУ-ын засгийн газар АНУ-аас импортолдог хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэний хариуд АНУ хятад улсын эсрэг оноохоор төлөвлөж байсан нэмэлт татвараа хойшлуулж, түр хугацаагаар гал зогсоох шийдвэр гаргаад байгаа юм