Японы 600 орчим жилийн настай шилтгээн шатжээ

Япон улсын өмнөд хэсгийн Окинава арал дээр орших 600 орчим жилийн настай Шүри шилтгээний төв байгууламжид өчигдөр орон нутгийн цагаар 02 цаг 40 минутын орчимд гал гарч, албаныхны зүгээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Одоогоор галын улмаас хүний амь нас үрэгдсэн болоод гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй ч цогцолборын төв байгууламжаас эхлэн гарсан гал бусад байгууламжууд руу тархаад байгааг эх сурвалжууд мэдээлжээ. 1400-аад оны тэртээх Рюкүгийн эзэнт гүрний үед харьяалагдах энэхүү шилтгээн нь 1800-аад онд япон улсын мэдэлд шилжиж, 1933 онд японы эрх баригчдаас тус шилтгээнийг үндэсний баялгаар нэрлэсэн юм.

Өдгөө жуулчдын хамгийн их зорин очдог газруудын нэгт тооцогддог тус шилтгээн нь дэлхийн хоёрдугаар дайны үед их хэмжээгээр сүйдсэнийг японы засгийн газраас 1992 онд сэргээн засварлаж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгон нээж байсан юм байна. Улмаар Шүри шилтгээнийг нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 2000 онд дэлхийн соёлын үнэт өвд албан ёсоор бүртгэсэн юм. Окинава муж дахь хамгийн том модон байгууламжид тооцогддог энэхүү шилтгээн нь Токио 2020 зуны олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр олимпын галт бамбарын буухиа дамжин өнгөрөх газруудын нэгээр сонгогдоод байжээ. Одоогоор гал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч мөрдөн шалгалтын ажил эхлүүлснээ албаныхан мэдэгдсэн байна.