Агаар бохирдуулагч нарийн ширхэгт тоосонцор буурсан ч хүхэрлэг хийн агууламж ихэсжээ

Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдлыг үүсгэгч зарим элемент өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин буурсан болохыг мэдээлж байгаа юм. Харин иргэдийн хувьд агаарын бохирдол буурсан эсэхэд янз бүрийн байр суурьтай байна. Тэгвэл айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаатай холбогдуулан агаар бохирдуулагч зарим элемент буурч зарим нь өссөн үзүүлэлттэй байгаа нь анхаарал татаж байна.

Энэ жил нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор агаарын чанарын индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй байгааг нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас онцолж байгаа. Тухайлбал агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин буурсан байхад агаар бохирдуулагч хүхэрлэг хий өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тодруулбал өнгөрсөн оны мөн үед хүхэрлэг хийн долоо хоногийн дундаж агууламж 13 мкг/м3 байсан бол энэ онд 44 мкг/м3, 24 цагийн дундаж агууламж 2,3 дахин их, стандартаас давсан тохиолдол 31 хувиар ихэсжээ. SО2 буюу хүхрийн давхар исэл буюу хүхэрлэг хийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг байна.

Өнгөрсөн долоо хоногийн агаар орчны станц харуулын мэдээллээр Баянхошуу, цахилгаан станц, ургах наранд агаарын чанарын индекс 500-с дээш маш их бохирдолтой гарчээ. Налайхын зам засварын тоосжилттой холбоотойгоор ургах наранд агаарын чанарын индекс олон хоног дараалан бохирдолтой гарсан байна.

Тэгвэл айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж агаар бохирдуулагч зарим элемент буурсан үзүүлэлттэй байгаа ч зарим бохирдуулагчийн хэмжээ өссөн нь анхаарал татаж байна.