Саарал жагсаалтад орсон нь дан ганц арилжааны банкууд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадаагүйтэй холбох нь  буруу гэлээ

Манай улс саарал жагсаалтад орсон үйл явц нь  эрх баригчдыг  хэрхэн ажлаа гүйцэтгэж байгааг  харуулж  байна гэж үзэх иргэд олон байна.  Уг жагсаалтад орсон шалтгааныг сангийн яамнаас арилжааны банк өөрийн эх үүсвэрээ нотолж чадаагүйтэй холбон тайлбарлаж байгаа бол  эдийн засагчдын зүгээс үүнийг үгүйсгэж байсан юм. Энэ тухай мөн мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд ч бас нийтэлжээ.

Парис хотноо болсон  мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын хуралдаанаар манай улсыг  саарал жагсаалтад орсон асуудлыг өнгөрөгч сарын 18-ны өдөр тодорхойлсон байдаг. Гэвч сангийн яамнаас анх мэдээлэл өгөхдөө  саарал жагсаалтад орсон явдал нь арилжааны банкууд  өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадаагүйтэй  холбоотой гэсэн тайлбарыг хийж байсан. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь саарал жагсаалттай хамаатай бус харин олон улсын валютын сангийн манай улсад хийсэн шалгалтын үр дүнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл хоёр тусдаа байгууллагын шалгалтыг хооронд нь хольж хутгасан асуудал юм.

Тэгвэл мөн л саарал жагсаалтад орсон асуудлыг зөвхөн Монголбанк хариуцлагагүй ажилласнаас шалтгаалсан хэмээн УИХ-ын дарга  үзэж байгаагаа илэрхийлсэн. Гэвч саарал жагсаалтад орсон нь зөвхөн банкны салбар бус бүхэл бүтэн тогтолцоонд асуудал байгаа гэдгийг судлаачид хэлж байна.

Мөн 2017 онд өгсөн зөвлөмжөөр манай улсад хууль эрх зүйн орчноо сайжруулах буюу мөнгө угаах терроризмтэй тэмцэх хууль батлахыг үүрэгдсэн байдаг бөгөөд ФАТФ-ын хуралдаан болохоос хэдхэн хоногийн  өмнө УИХ-аас мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн төслийг баталсан байдаг нь манай улс туйлын хариуцлагагүй байгааг нотолж байгаа юм. Мөн БНАСАУ улстай зэвсэг, техникийн наймаа хийж, ажиллах хүч авч терроризмын үйл ажиллагааг дэмжсэн, улс төрчидтэй холбоотой гадны улсад илэрсэн оффшор данснуудын асуудлыг шийдвэрлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон улс төрчдийн хэргийг шийдээгүй хариуцлага хүлээлгээгүй, хориотой бараа буюу алт, үнэт эдлэлийн бүртгэгдээгүй бараа хилээр орж гарсан зэрэг нь тус жагсаалтад багтах хүчин зүйл болсон байна. Үүнээс улбаалан үндсэн дөрвөн зөвлөмжийг манай улсад өгсөн юм.

1-т Банк санхүүгийн байгууллага , санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтыг сайжруулж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх

2-т Мөнгө угаахтай холбоотой, хэрэг үйлдлүүдийг мөрдөн шалгаж, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл оногдуулах

3-т Мэдүүлээгүй, хуурамчаар  мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх,

4-т Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх.

Фатф-аас 2017 онд  өгсөн зөвлөмжүүдийг ахиулж биелүүлсэн ч манай улс саарал жагсаалтад орсон нь тогтолцоо хэрхэн ажиллаж байгааг харуулсан гэхэд болно. Уг нь 2017 оноос эхлэн зөвхөн Монголбанкнаас гадна сангийн яам, хууль зүй дотоод хэргийн яам зэрэг  зөвлөмж биелүүлэх үүрэг авсан байгууллагууд  бүрэн гүйцэд ажиллаж чадсан бол байдал өөрөөр эргэх байж. Харамсалтай нь бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж чадаагүйн улмаас цөөн хэдхэн байгууллага буруутан болж байна.