Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хумс гоо заслын үйлчилгээнд хяналт тавьдаггүй

Манай улсад хумс гоо заслын үйлчилгээнд тавигдах стандарт батлагдаагүй байдаг учраас холбогдох байгууллагуудаас хяналт шалгалтын ажлыг хийдэггүй байна. Тодруулбал нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас үсчин гоо сайхны газруудад төлөвлөгөөт шалгалт хийгддэг ч нарийвчлан хумс гоо заслын үйлчилгээ явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг шалгадаггүй байна. Тиймээс  энэ төрлийн маникюр, педикюр буюу хумс гоо заслын үйлчилгээ явуулдаг үйлчилгээний талаар зөрчил, бүртгэл тоон мэдээлэл мэргэжлийн хяналтын газар байдаггүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үсчин гоо сайхны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгддэг ч хумс гоо заслын үйлчилгээ эрхлэгчдэд шалгалт явуулж, хяналт тавьдаггүй байна. Үүнээс болж энэ төрлийн үйлчилгээ манай улсад ямар ч хяналтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд явагдахад хүрч байгаа юм. Мөн дээрх замбараагүй маникюр, педикюр хумс гоо заслын үйлчилгээний  эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд хяналт тавихгүй байгаа нь иргэдийн эрүүл мэнд хохирох эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Ялангуяа дэлгүүр, худалдааны төвийн лангуу, үйлчилгээний газрын булан тохойг түрээслэн хувиараа үйлчилгээ явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд байдаг. Гэвч эдгээр үйлчилгээ бүгд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу гэдэгт хяналт шалгалт хийгдэхгүй байгаа нь шүүмжлэлтэй юм. Өсөн нэмэгдэж байгаа хумс гоо заслын үйлчилгээ нь охид эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ болж байхад энэ төрлийн үйлчилгээ замбараагүй, стандарт шаардлагагүй явж байна.