Ариутгаагүй хумс гоо заслын багаж элэгний в, с вирус дамжуулах эрсдэлтэй

Сүүлийн жилүүдэд хумс гоо заслын үйлчилгээтэй холбоотойгоор хумсны өвчлөл ихсэж  байна. Тодруулбал жилд дунджаар хумсны төрлийн өвчлөлтэй холбоотойгоор 300-400 иргэн арьсны өвчин судлалын үндэсний төвд ханддаг болохыг тус төвөөс онцолж байна. Хамгийн гол нь манай улсад хумс гоо заслын стандарт байдаггүй болохыг хумс гоо засалчид онцолж байна.

Манай улсад маникюр педикюр буюу хумс гоо заслын үйлчилгээ олширч охид эмэгтэйчүүдийн гоо сайхны байнгын хэрэглээ болсон. Мөн зөвхөн эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд ч хумсаа засуулах болсон. Тэгвэл арьсны өвчин судлалын үндэсний төвд хумсны өвчлөлтэй холбоотойгоор 2016 онд 422, 2017 онд 360, 2018 онд 377 иргэн хандсан байна. Тэгвэл энэ оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж байна. Хумсны өвчлөлийн голлох шалтгаан нь хумс гоо засал буюу маникюр, педикюрын үйлчилгээнээс шалтгаалсан болохыг эмч онцолж байна.

Маникюр, педикюрын үйлчилгээнд нэг удаад ороход 3-4 төрлийн багаж ашиглагддаг байна. Эдгээр багажийг ариутгаагүй хэрэглэх нь хумсны мөөгөнцөр болон бусад төрлийн өвчний халдвар авах эрсдэлтэй байна. Тэгвэл манай хумс гоо засал буюу маникюр педикюрын үйлчилгээ явуулдаг хувь хүн, газрууд олширсон ч дээрх үйлчилгээнд тавигдах стандарт манай улсад байхгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл дагуулж байна. Тодруулбал хумс гоо заслын багажаар хумсыг засах үед цус ил шарх үүсэх эрсдэлтэй байдаг. Ингэснээр хумсны багаж хэрэгсэлд халдвартай эд цус үлдэж үүгээр элэгний вирус дамжин халдварлах боломжтой байна.

Харин хумс гоо заслын үйлчилгээ явуулдаг газар хувь хүмүүс усаар зайлж цэвэрлээд дараагийн үйлчлүүлэгчид хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч  элэгний вирусүүд 100 хэмийн халуун усанд ч устдаггүй байна. Тиймээс хумс заслын багажийг заавал эмнэлгийн горимын дагуу ариутгах ёстой байна. Харин энэ төрлийн стандарт манай улсад байдаггүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хумсны багаж хэрэгслээр элэгний в,с вирус дамжиж байгааг анхааруулж зөвлөмж гаргасан байдаг.