ОХУ-д хараат бус интернэтийн хууль хэрэгжиж эхэллээ

Энэ сараас эхлэн манай хойд хөрш ОХУ-д хараат бус интернэтийн хууль хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ОХУ гаднаас кибер халдлага ирсэн тохиолдолд төвлөрсөн байдлаар шуурхай арга хэмжээ авахаас гадна дотооддоо дамжуулсан мэдээллүүдийг гадны улс орнуудад алдахаас сэргийлэх давуу талтай гэж кремлийн албаныхан мэдээлжээ.

Шинэ хуулийн дагуу Оросын бүх интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гадаад гарц дээрээ байрлуулах хандалт, нэвтрэлтийг хаах тусгай төхөөрөмж суурилуулах шаардлагатай тулгарч байгаа бөгөөд энэ нь ОХУ-ын засгийн газар өөрсдийн интернэт урсгалыг бүрэн хяналтандаа авч байна гэсэн үг юм.

Хэдийгээр ОХУ-ын хууль тогтоогчдын зүгээс энэхүү шийдвэрийг Оросын кибер аюулгүй байдлыг хамгаалахад нэн шаардлагатай гэсэн тайлбарыг өгч байгаа ч шүүмжлэгчдийн зүгээс үүнийг БНХАУ-ын жишгээр интернэт орчин дахь хараа хяналтаа нэмэгдүүлэх оролдлого хэмээн эрс эсэргүүцэл илэрхийлээд байгаа юм.

Тухайлбал ОХУ-ын эрх баригчид дотоод сүлжээгээ олон улсын серверээс бүрэн салгах, өөрсдийнх нь эрх ашигт нийцээгүй контентуудыг хаах зэргээр интернэт дэх эрх чөлөөг хааж боох алхмуудыг хийж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй холбоотой контентууд болон цахим хуудсуудыг хааж, хамтарч ажиллахаас татгалзсан интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоож, линкедин, телеграм зэрэг сүлжээнүүдийг хориглоод байгаа нь ард иргэдийнх нь зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Улмаар иргэдийн зүгээс засгийн газраа үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах оролдлого хийж байна хэмээн буруутган эсэргүүцлийн жагсаал цуглааныг удаа дараа зохион байгуулсан юм.